Манжийн үеэс үлдсэн зарим зүйлс

Хөхөө Намжилийн Домог

 
Урьдын эрт цагт алс хязгаарын харуулын цэрэгт
Хөхөө Намжил гэж нэгэн сайн эр цэргийн алба хааж байхдаа
Тэр нутгийн сайхан Гүнжид гэж нэгэн хүүхэнтэй танилцсан байж байгаад
Цэргийн хугацааг дуусгаж халагдаад
Орон нутаг буцах болоход нь
Амраг хайртай Гүнжид нь жонон хар гэдэг морио
Дурсгал болгож өгсөн юмсанж гэнэ хө
Тэр жонон хар гэдэг морь нь гэдэг болбол
Тэгшхэн 32 төрлийн гишгэгдэлтэй
Тэнгэрийн аянганаас зайлах чадалтай
Хээрийн зэрлэг амьтдыг гүйцдэг
Хэтийн холын газартаа хүрдэг
 Бутны үндэсийг булгартал
Бул чулууг бутартал
Дэнжийн чулууг дэлбэртэл
Дээлийн хаваасийг ханзартал
Хаданд цойлоод хальтирдаггүй харайдаг
Хайлаас модыг доргитол гишгэлдэг
Жигүүртэн шувуунаас дуташгүй
Жирийн морьтой зүйрлэшгүй
Адууны дотор ганцаараа содон
Аргамаг шинж нь төгс бүрдсэн
Амгалан цагт алхаа гишгээгээр явдаг
Аюултай цагт нисэн дүүлэн явдаг
Суудалаа сэлгэн суухад
Солиод унах шиг болдог
Ивээлт эзэн нь унахад
Эзнийхээ төлөө зүтгэдэг
Ийм л сайн морь байсан юмсанж гэнэ
Хөхөө Намжил цэргийн хугацааг дуусгаж халагдаад
Орон нутагтаа ирээд л нэлээд хэдэн жил болсон юм байж л гэнэ

Хөхөө Намжил нэгэн өдөр сайхан жонон хар морио барьж л аваад
Амраг хайрт хүүхэнтэйгээ очиж уулзахаар алсыг зорьж явж гэнэ хө
Хөхөө Намжилын гэртэй саахалт ойролцоо нутагтай Нэгэн их л баян байж л гэнэ дээ
Тэр л баяны ураг садан болох
Эгэл олныг үймүүлдэг эвтэн хоёрыг бусинуулдаг
Тийм л сүрхий ховч хүүхэн байдаг байж л гэнэ
Тэр баяны ховч хүүхнийг Хөхөө Намжилтай суулгана гэж ярилцдаг байсан ба Хөхөө Намжилыг л тэр хүүхэнтэйгээ
Суулгах талаар ятгалга хийдэг байж л гэнэ дээ
 Хөхөө Намжил гэдэг хүн бол Их гуа үзэсгэлэнтэй сайхан эр бөгөөд
Их л сайхан дуулдаг дуучин хүн байсан учраас
 Хөхөө Намжил гэдэг цолтой болсон хүн байж гэнэ ээ
Нөгөө баяны ховч хүүхэн чинь
Хөхөө Намжилыг нэгэн тийшээ яваад л байгааг мэдсэн ба
Бас л жонон хар морь нь
Эгэл биш морь юм гэдгийг хүртэл мэдэж баяныханд хэлж
Хөхөө Намжилд ямар нэгэн хор хөнөөл
Хүргэх тухай ярилцаж хэлэлцдэг байсан байж л гэнэ
Хөхөө Намжил тэр л шөнөө явж
Амраг хүүхэнтэйгээ очиж уулзаж
Тэр л шөнөө эргэж ирээд
Адуугаа цуглуулж орхиод
Үүрээр гэртээ ирээд
Шонгоос морио уяж л Мориныхоо хөлсийг жаахан намдааж
Үүр цайхаар морио тавья даа гэж бодоод
 Гэртээ орж амарч байж л гэнэ
Нөгөө баяны ховч хүүхэн чинь үүрээр морины төвөргөөн ирэхийг мэдээд
Шон дээр нь очиж морины үзвэл сайхан жонон хар морь нь санаа муутыг ирлээ гэж л яаж л мэдэхэв
Тэр амьтан саахь эзэн нь ирлээ гэж баясан
Сайхан цээжээ хөндөлдүүлэнхэн
Хөлстэйхэн биеэ шилгээгээд
Хөөрхөн толгойгоо хаяланхан хоёр талынхаа суганаас ид шидийн хүчтэй жигүүрээ дэвэлзүүлэн байхыг үзээд
Нөгөө хүүхэн чинь дороо гүйж хариад
Үйлнийхээ хайчийг ханцуйлж ирээд
Жонон хар морины хажууд нь очиж
Ид шидийн хүчит жигүүрийг нь
Үйлнийхээ хайчаар тас хайчилж орхиж гэнэ дээ
Хөхөө Намжил үүр сайн цайхаар л
Морио тавинаа гэж бодоод л гарсан чинь

 Сайхан жонон хар морь нь
Шон дээрээ үхсэн харагдсанд
Хөхөө Намжилын дотор нь балартаж
Давхар давхар зовлон гашуудалын дэндүү гүнд орж гэнэ

Хөхөө Намжил амраг хайртай хүүхэнээ
Сайн морь жонон харлаг хоёроо эргэн эргэн санан санасаар
Нэлээн олон хоног сар өнгөрөөсөн юм байж гэнэ
Хөхөө намжил нэгэн өдөр
Сайхан жонон хар мориныхоо толгойтой
Нэгэн адилхан толгой сийлээд л
Нэгэн модон гишүүний дээд талд нь хадаж
Доод талд нь цар хийгээд л
Түүнийгээ жонон хар мориныхоо ширнээс нь авч ширлээд
Мөн жонон харынхаа сүүлээс нь авч хялгасдаад
Түүндээ модны давирхай түрхэж дугаргаад л
Тэр л хөгжимөндөө өнөө жонон хар мориныхоо янцгаагаар
Алхаа, гишгээ, арилжаа, хатирааг тэр л хөгжимөндөө оруулдаг байсан юм байж л гэнээ
Тэгээд л түүнээс эхэлж эртэн дээд цагаас уламжлагдаж ирсэн
Энэ морин толгойтой хуур хөгжим үүсэн гарсан юм даа
Энэ л хөгжимд орохгүй ая байхгүй
Дугарахгүй авиа байхгүй
Энэ бол морин толгойтой хуур юм
Монгол үндэсний хөгжим юм аа

No comments:

Post a Comment